Popular Posts

Thursday, October 27, 2011

Надад үхтлээ үнэнч анддаа би өөрөө гайхамшигт сайн нөхөр байхсан

Би багаасаа дүүтэй болохын хүслэн болсон хүүхэд байсан юм. Гэсэн ч яагаад ч надад төрсөн дүүтэй болох боломж байхгүй байлаа. Тэгээд би дүүгээрээ юуг сонгосон гээч? Нохойг.
Намайг мэдээ орсон цагаас л манайх нохойтой байсан юмдаг. Уг нь их л харь холоос манай гэр бүлийг зорьж ээжийн минь өвөрт ирсэн “нөхөр” байлаа. Одоо санахад өөрөө бяцхан байсан юм болохоор би нохойг биш нохой намайг асардаг байжээ. Их ч ухаантай нохой байж. Нэг ёсны асрагч хийж миний ойр орчим л гүйж явдагсан. Дөнгөж хэлд орчихоод нохойгоо дандаа “дондууш” гэж дууддаг байсныг минь гэрийнхэн дандаа шоолдогсон. “Хав хав” эсвэл “нохой” гэж хэлүүлэх гээд чадаагүй гэнэ лээ. Даанч “сагсаан дондууш” - ийгаа асрах миний ээлж болохоос өмнө үхчихжээ. Үүнээс хойш би 4 хөлт анд нарт үргэлж ач санаж явах болсон юм.
Дараа нь бас л түүнтэй адилхан сагсгар “дондууш” – ийг амьсгал хураах хүртэл нь нь тэжээж ном ёсоор нь оршуулсан юмдаг. Тэр ч гэсэн миний хувьд үнэлж барашгүй үнэнч анд байсан билээ. Үүнээс хойш нохой тэжээх туршлагатай болж заримдаа хүмүүс надад нохойгоо сургуулхаар өгдөг боллоо.
Харин одоо манай гэрт нэг бас нэг дондууш... Охин нохой болоод ч тэр үү... Би хэт эрхлүүлснээс болоод ч тэр үү... Миний мэдэх нохойнуудаас хамгийн эрх танхи амьтан бол энэ “цагаан дондууш”. Намайг хичээлээсээ ирэхийг хүлээж хаалга манаж үүдэнд хэвтээд, эсвэл цонхны тавцан дээр гарч суугаад бууж ирж ус ч уудаггүй, эсвэл сандлын цаанаас өдөржин цухуйдаггүй гэсэн. Намайг гэртээ ирэнгүүт л бөөн баяр болж гэр нураахыг шахна.
Сүүлийн үед шалгалт шүүлэг гээд зав гарахаа байлаа. Анд нөхөд найз залуу гээд нэг л их завгүй Анужин гэртээ харуй болход л орж ирнэ. Зарим өглөө оройтож сэрээд дондуушийг салхилуулж амжихгүй, зарим орой дэндүү оройтож ирээд дондуушийгаа цангааж турааж алахаа шахна. Нэг орой гэртээ орж ирээд жижигхэн ширээ хивсэн дээрээ тавиад хичээлээ хийхээр газарт тухлан суулаа. Дондууш бөмбөгөө зууж ирээд хичээл хийж байгааг хараад “намайг тоохгүй бололтой” гэсэн шинжтэй нуруунд наалдан томоотой хэвтлээ.. Гэнэт эрхийн балай дондуушийгаа би хачин ихээр өрөвдөв.. Тэгээд бодлоо... Энэ амьтанд надаас өөр хэн байгаа билээ? Намайг байхгүй бол энэ эрх танхи амьтан маань яах билээ? Надад энэ амьтан ийм хайртай, үнэнч, үргэлж намайг баярлуулж баясгаж байхад би дондуушыг хангалттай хайрлаж, халамжилж, зугаацуулж, баясгаж чадаж байна уу? Энэ амралтын өдрүүдээр дондуушийгаа жоохон баясгая даа л гэж бодогдов...
Манай гэрийнхэн нохойнд хайртай л даа.. Гэхдээ над шиг тийм хүчтэй биш.. Намайг байхгүй бол бүгд л завгүй гээд ядаж гадаа гаргах ч хүн олдохгүй ээ.. Хоолыг заавал миний гараас надтай цуг иддэг зуршилтай золиг л доо энэ.. Бага байхад нь хоолоо харамладаггүй болдог гээд заавал гар дээрээсээ толгойг нь илж байгаад өгсөөр сургасан нь тэр. Ээж аав 2 миний эзгүйд ганц эрх цагаан дондуушийг минь гадаа гаргаж байгаад гурван ч удаа алджээ. Би л хичээлээсээ ирж байж баахан хайж явсаар олдог юм. Хөөрхий амьтан намайг хайж байгаа царай нь. Дандаа миний өөрийг нь салхилуулдаг газруудын нэгэнд цомцойгоод л сууж байдаг юм. Угаас жижигхээн гөлөг байхаасаа эхлээд л миний гар дээр өссөн болхоор ээж аав 2 занг нь сайн мэдэхгүй байх нь аргагүй дээ. Болдогсон бол дондуушийн сэтгэл зүйг ойлгодог, гадаа гаргадаг, өдөржин зугаацуулж, баясгаж хооллож ундлаж хэн нэгэн, эсвэл цэцэрлэг маягийн газар аваачиж өгчихөөд хичээлдээ явж ирээд авч байхсан. Даан ч тийм газар алга аа.. За даа.. Хүн хүнээ ойлгохоо больчихсон нийгэм, миний эрхийн тэнэгийг надаас өөр хэн л ойлгоо аж даа... Магадгүй нохойгоо ингэж эрхлүүлсэн намайг ч гэсэн хүмүүс ойлгохгүй биз ээ... Гэхдээ би нохойгоо зөв эрхлүүлсээн..
Их Британид амьтан тэжээхэд заавал 1 – 2 сарын турш амьтан тэжээх тусгай хичээлд сууж зөвшөөрөл авч байж л амьтан тэжээх эрхтэй болно гэсэн хууль гарчээ. Би хэрэв Их Британийн иргэн байсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээх байжээ. Эсвэл нөхөр Анужин та амьтан тэжээх чадваргүй гээд дондуушаасаа хагацах болох байж. Эсвэл АНУ ч юм уу өөр ямар нэгэн зөвхөн хүний төдийгүй амьтны эрхийг дээдэлдэг улсад байсан бол би мөн л хариуцлага хүлээх байж. Тэгтэл Монголд нохойн асрах, “үрчлэх” газар байтугай олигтой мал эмнэлэг тийм ч олон биш байна. Харин харамсалтай нь хөрөнгө мөнгөгүй атлаа нохойн устгалыг бол сайн явуулж байгаа шүү энэ төр засаг. Ер нь Монголын иргэн болгон багаасаа байгаль дэлхийгээ хайрладаг байгаасай. Харин байгал дэлхийгээ хайрлана гэдэг чинь цэцэг тарих, амьтан тэжээхээс л эхэлдэг юм шүү дээ..
Нохой гэдэг амьтан чинь урт насалдаггүй юм аа хөөрхий. Намайг хайрлах гээд л.. Надаар хайрлуулах гээд л энэ дондууш маань надад ирсэн юм шүү дээ.. Үнэндээ миний эрх цагаан дондууш буюу Лэкси маань миний хувьд нохой биш үргэлж мөрөөддөг байсан дүү минь юм шүү дээ... Миний юугаар ч сольшгүй эрдэнэ... Тэд 3 уулаа л надад миний гэр бүлийн нэг гишүүн миний ах, эгч, дүү шиг минь л үнэтэй...

No comments:

Post a Comment