Popular Posts

Thursday, October 27, 2011

Ухаарахуй

Байгал эхийн хамгийн аугаа бүтээл болох “хүн” хэмээх алдрыг үүрсэн хэр нь адгуус мэт авирлах нэгэн цөөнгүй. Магадгүй зарим адгуус бидэнтэй адил амаргүй нөхцөл байдалд орвол хамаагүй илүү ёс суртахуунтай, энэрэнгүй үйлдэл хийнэ.
Хүний оюун ухаан хамгийн аугаа гайхамшгийг ч ой гутам аймшгийг ч бүтээж чадна. Тэрхүү аймшгийг бус гайхамшгийг бүтээхийн тулд л бид амьд явах учиртай. Гэсэн ч бид алддаг... Санаатай санаандгүй олон зөв буруу үйлийг хийнэ. Угаас төгс төгөлдөр хүн гэж энэ хорвоо дээр өдрийн од мэт. Байсан ч энэ нүгэлт орчлонд түүнд оршин тогтнох зай үгүй.
Бид насан туршдаа суралцдаг. Өдөр бүр л ямар нэгэн зүйлийг шинээр мэдэрч, ойлгож, ухаарч, өөрийгөө төгс төгөлдөрт хүрэхэд хэтэрхий хол байгааг мэдэрдэг. Гэсэн ч бид төгс төгөлдөр байх ч алба үгүй. Зүгээр л алдаж, онож, уйлж, дуулж , хорсож, талархаж, хүн чанараа гээлгүй явахад хангалттай.
Хүний биеийг олж төрнө гэдэг “дээрээс асгасан мянга мянган будаанаас зүүний үзүүр дээр тогтож үлдсэн ганцхан ширхэг будаа мэт “ үнэ цэнэтэй. Ийм их аз завшааныг олж мэндэлснийхээ учир утгыг ухаарч ойлгох нь чухал. Туулах амьдралдаа юуг хийж бүтээх ёстойгоо олж мэдсэн цагт амьдрал илүү аз жаргалтай, сонирхолтой өнгөрөх бус уу?
Амьдралд алдаж онож байж л илүү сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй, ухаалаг хүн болж төлөвшдөг учиртай. Хааяа ч гэсэн эрсдлийг зоригтойгоор амс, алдаа гаргахаас айлгүй амьдралыг сөр. Үргэлж урсгал дагуу сэлнэ гэдэг утгагүй. Гаргасан алдаа дутагдлаасаа ямагт суралцаж, болж өгвөл засч залруулахыг хичээ. Бүдэрч халтирсан саад тотгор, өгсөж уруудсан дов жалга бүхнээ хайрла. Тэгж гэмээн таньд бидэнд ухаарал ирнэ...
Энэ ертөнц дэндүү уудам бас баялаг. Миний олж мэдээгүй, ухаарч амжаагүй зүйлс, үзэж хараагүй гайхамшиг бас гутамшиг хичнээн байгааг даанч тоолж үл барам. Өнгөрч баларсан зүйлсдээ зууралдаад байж боломгүй. Ямагт өөдлөн дэвшиж, сайн сайхан соргог бүхэн рүү тэмүүлж байх учиртай мэт. Гэсэн ч өнгөрсөн үе бол бидний ирээдүйгээ тольдох толь. Тиймээс өөрийнхөө хэн байсныг мөн хэн гэдгээ яасан ч мартаж болохгүй...
Ухаарал надад ирэх дэндүү хол байна даа. Ухаарч ойлгож чадах ганц зүйл минь л энэ.

No comments:

Post a Comment