Popular Posts

Thursday, October 27, 2011

Ирээдүйд хөтлөх зам

1 бүлэг
Анхны алхам
Би яг л бусад 18 настай охидийн нэгэн адилаар адал явдал, эрч хүчээр дүүрэн амьдралаар амьдарч яваа жирийн охин. Надад гоц гойд зүйл байхгүй ээ. Бусад шиг л толгой, гар, хөл, нүд, чихтэй, хэвийн бодож, сэтгэж, мэдэрч чаддаг ямар ч гаж зүйлгүй нэгэн. Миний бүх л зүйл хэвийн, тэгээд ер нь би юугаар ч дутдаггүй л дээ. Хамгийн гол нь нилээн жижигхэн биеийг тооцохгүй бол шүү дээ. Хувь заяа надад элэг бүтэн сайхан гэр бүл, намайг хүндэлж, хайрлаж, ойлгож, чаддаг үнэнч найзууд, хэнээс ч дутуугүй оюун ухаан, бага ч гэсэн авьяас хайрлачихаад ганцхан зүйл дутуу үлдээсэн нь тэр. Саяхныг хүртэл дээ... жижигхэн гэдгээсээ болоод би өөрийгөө цаг үргэлж голдог байлаа. Үнэндээ ямар нэгэн юманд сэтгэл дундуур бас зүрхэн дотроо нууцхан гомдолтой алхалдаг байсан юм. Харин хэдхэн сарын өмнө дөө.. Миний өөрийгөө хайж олох аялал эхэлсэн юм.
Магадгүй би яг мөнгөн хонхны баярынхаа өдөр өөрийгөө хэн болохыг ойлгох анхны алхмыг хийсэн байх. Энэ өдөр болсон бүх л зүйл оюун санаанд минь хэзээ ч мартагдахааргүй мөнхрөн үлджээ. За ингээд би уншигч таньд өдрийн тэмдэглэлээ толилуулья.
2009 оны 5 сарын 7 ны өдөр: Өнөөдөр бүтэн 10 жил хүлээсэн амьдралын минь алтан мөчүүдийн нэг. Хонхны баяр.. Ингээд нэг л мэдэхэд өнөөдрийг хүртэл яваад ирчих гэж... Энэ өдөр ойртох тусам л сургуульдаа хоргодож төгсмөөргүй санагдаж байсансан. Хүүхэд насны минь жаргалтай сайхан дурсамж бүхнийг нандигнан хадгалсан сургуулиа орхиод алсыг зорин нисэх цаг ирчихжээ.
Шөнөжингөө нууцхан гуниглаж бас догдлоод, хальтхан зүүрмэглэхдээ ангийнхнийгаа зүүдлээд, нэг л ер бусын ээх нарны анхны туяанаар нойрноос би сэрлээ. Толинд харлаа. Сургууль төгсөх болчихсон гэдэгтээ бас л итгэсэнгүй. Жоохон ч гэсэн юм идэх гэсэн боловч догдлоод тайван сууж ч чадахгүй, хоолойгоор юу ч давсангүй.
Хувцасаа өмсөөд, нүүрээ будаж бараг бэлэн болчихоод Сувдааг хүлээж суулаа.Сувдаагийн хамаатны эгч Төөгөөгөөр үсээ янзлуулна гээд тохирчихсон байсан юм л даа. Намайг бэлэн болчихоод байхад утасны цаанаас Төөгөө эгч Сувдаа 2 дөнгөж сэрээд одоо гарлаа гээд нойрмог дуугаар хэлж байв. Тэвчээртэй хүлээхээр шийдээд орон дээрээ суулаа. Даанч орох байх газар олдохгүй үнэхээр хэцүү байлаа. Байн байн залгана. Тэр хоёр арайхийж ирээд Сувдаа бид 2 үсээ янзлуулж дуусаагүй байтал сургууль дээрээс ангиараа сууж явах ёстой байсан автобус орхиод явчихав. Ингээд л бөөн адал явдал..
Бас Гармаа маань үсээ янзлуулж байгаад хоцорсон байлаа. Аргагүй л дээ нилээн урт үстэй юм л даа. –тэр гоё урт үс нь бидний бахархал л даа- Тэгээд л жигтэйхэн ганган 3 охин дүүрэн замын түгжрээн дунд явах ч биш мөлхөх ч биш ядаж байгаа автобусанд суучихсан, хүн амьтны гайхлыг төрүүлсээр яваад арайхийж Сүхбаатрын талбай дээр буулаа. Болоогүй ээ ангийнхнийгаа олох хэрэгтэй гэж байгаа юм. Хэрвээ та санаж байгаа бол тэр жил төгсөгчдийг амралтанд явуулахгүй харин нэгдсэн журмаар бүгдийг нь талбай дээр цуглуулсан болохоор арай л хэтэрхий олон хүн талбай дээр бужигнаж байлаа. – жич манай ангийнхан нууцаар амралтанд явахаар төлөвлөсөн байтал хэн нэгнийх нь ээж Алтай захиралд ольсон учир бүтэлгүйтсэн юм. Хэнийх нь ээж гэдэг нь одоо болтол мэдэгдээгүй шүү.
Ангийнхнийгаа хайж яваад хуучин найз бандиа хальт харлаа. Угаасаа бид 2 байнга л санаандгүй хаа нэгтээ тааралдаж байдаг хачирхалтай хүмүүс л дээ. Тэр миний анхны хайр, түүнийг би одоо болтол мартаж чадаагүй, хайртай хэвээрээ. Гэхдээ яагаад ч юм би түүнтэй санаандгүй таарах болгондоо нэг бол улаан цайн хараагүй юм шиг зөрдөг, нэг бол нүүрээ том шилний цаана нуудаг сонин зуршилтай болчихсон. Яагаад тэгдгээ даанч тайлбарлаж тэдэхгүй юм. Энэ удаа бас л урьднийхаараа мэндгүй зөрлөө.
Арайхийж ангийнхнийгаа оллоо. Манай Ганаа –сонгино- Оюунбилэг –гонжгор- Нараа –лаа- Бадамаа –дональд- Батцэцэг –буржак- Доогий –тарвага- Дүддайрий –бөөрөнхий- Жүүгий – сормуус- Гармаа –адуу- Сувдаа –левчик- ер нь бүгд л үнэхээр хөөрхөн харагдаж байсан шүү. -Эрэгтэй байсан бол хамгийн түрүүнд очоод бүгдэнгийнх нь өмнө сөхөрч суугаад надад ганц хүрчих тэгэх үү энэ тэр гээд гуйж байгаа даа-
Мэдээж ихэнхи охидууд өсгийтэй гутал туфль өмссөн байв. Тэгээд талбай дээгүүр алхсаар байгаад заримийнх нь хөл нь ядарч гутлаа тайлаад барьчихсан харагдана. – манай параллель ангийн охидууд- Талбайгаас шууд Зайсан орцгооход охидууд нь үгээ хэлж үсээ зулгаагаад арга ядаад банди нартаа үүрүүлж байсан юм даг.
Зайсангаас сургууль орох замдаа охидууд хөвгүүд бүгд дуулаад л уяраад л.. Сургуул дээрх ёслолд оролцчихоод гараад ресиоран руу явахдаа өдөр тааралдсан Барсаа луу залгалаа. Баяр хүргэж байна. Түүний хоолойг сонсоогүй удсан болохоор хоолой зангираад уйлах гээд л эрхлээд сэтгэл сонин болж байлаа. Ресторанд очлоо. Идлээ, уулаа. Сүүлдээ уяраад уйллаа. Түүн лүүгээ мессеж бичлээ. Хариуд нь бас л уярмаар үгтэй мессэж ирлээ.












Амьдралаас юу хүсэн хүлээж, мөрөөдөж байгаагаа ойлгохоор зорилго тавин бүхнийг дэс дараагаар нь шалгаж үзлээ. Хамгийн эхлээд гэр бүл.. Энэ тал дээр бии өөрийгөө дэлхий дээрх хамгийн азтай хүн гэж хэлж болохоор байлаа. Хан уулс шиг ханхар 3 ахтай. “Жич: манай ах нарийн дунд 178 см аас доош өндөртэй хүн байхгүй болно. Би энэ 3 яг миний өсөлтийг хуваагаад авчихаж гэж байнга боддог байв”. Ухаант хатан шиг дайчин ээж, “Ээжээсээ бага зэрэг айдаг л даа. Бага зэрэг ууртай ч гэсэн ямар ч эмэгтэй миний ээж шиг ийм дайчин, гавшгай бас сэтгэлийнхээ гүнд хамгийн уян зөөлөн хүн байж чадахгүй гэдгийг бардам хэлэх байна” Миний мэдэх хамгийн үнэнч шударга бас мэдлэгтэй хүн болох миний аав “Магадгүй шударга үнэний сахиус Мэдлэгийн бурхан 2ын хүүхэд гаригаа андуураад дэлхийд буучихсан байхаа. Би тэгж таамаглаад байгаа юм” Дараа нь анд нөхөд.. Бурханд намайг найзуудтай минь уулзуулсанд талархаж залбирч явахгүй бол лав алдас болно оо. Ямар ч 10 найз охидууд манай анд нар шиг ингэтлээ нэгэндээ ингэтлээ дасч ээнэгшээд, зүрхнийхээ угаас хайрлаж байгаагүй л болов уу даа. Тиймээ та зөв уншсан даа зөв уншсан.. 10 охин. Бид бол Анужин Ганчимэг Наран Гарамханд Батцэцэг Долгормаа Оюунбилэг Цэрэнханд Цэрэнханд Дуддайрий. Уншиж байгаа бол бид үргэлж хамтдаа шүү бүгдийг нь тэврээд үнсье хайртай шүү.. бүгдэнд нь хайртай. Надаа хүнд гайхуулаад байх сүртэй үнэтэй зүйл байхгүй ээ. Гэхдээ та нараараа би хэнд ч гайхуулж чадна аа. Оюун ухаан гэвэл би алгебрт үнэндээ авьяасгүй ээ. Асуугаад ч хэрэггүй байхаа. Ер нь л байгалийн ухааны хичээлүүдэд би тийм ч сайн биш ээ. Зүгээр л ном уран зохиолд ухаангүй хайртай, эх хэлээ бас гадаад хэлийг шимтэн судлах дуртай. Ер нь л 9 наснаас хойш ном миний шүтээн байсан. Байсаар ч байх болно.

Нууцын мод

Нарны туяанд цас гялбах нэгэн өглөө би дасал болсон саарал цэцэрлэгийг чиглээд алхаж явна. Миний хувьд дэлхий дээрх хамгийн онцгой нэгэн мод энэ цэцэрлэгт ургадаг юм. Бусад модноос ганцаархнаа сондгойрч, бараг л хүйтэн хөндий чулуун хананаас ургасан энэ мод олон ч нууцыг минь хадгалсан даа.. Өнөөдөр бас л тэр модондоо нууцаа шивнэхээр яваа нь энэ. Энэ мод бас учрал болгоны минь гэрч. Үерхэж байсан хөвгүүдээ энэ модонд авчирч 1 ёсондоо танилцуулдаг байлаа. Гэхдээ тэднээс хэн нь ч энэ мод бид хоёрын гүнзгий холбоог мэдэхгүй. Энэ бол бид хоёрын бас нэгэн нууц. Хайртай найзуудынхаа хамт бид бүгдээрээ энэ модны доор өсөж өндийн бүгд үзэсгэлэн гоо, сэргэлэн цовоо хөөрхөн охид хөвгүүд болцгоосон юм. Гэсэн ч тэдэндээ энэ нууцыг одоохондоо бас л задлаагүй байгаа.
Энэ модон доор би найзуудтайгаа эсвэл найзаас дотно хэн нэгэнтэй ирдэг байлаа. Харин энэ өглөө би ганцаараа сэтгэлдээ хөнгөхөн гуниг тээн ирлээ. Урьд шөнийн зүүдийг санаад зүрх минь хөндүүрлэн байна. Яг л жинхэнэ юм шиг сэтгэл уярам бас мартахийг хүссэн хэн нэгнийг хэтэрхий их үгүйлж байгааг минь сануулсан зүрх өвтгөсөн зүүд.. Түүнийхээ амьсгал тэврэлт, үнсэлт бүхнийг нь жинхэнэ юм шиг мэдэрсэн, хэлсэн үг бүхнийг нь марталгүй цээжилсэн энэ зүүднээс болоод амьсгаа минь багтрах шахам сэрэхэд нүднээс минь нулимс гомдолтойгоор бөмбөрч байлаа. Харин тэр нууцлаг зүүднээсээ сэрэнгүүтээ хайртай модондоо ярьж, сэтгэлээ хуваалцахыг хүссэндээ яарсан нь энэ.
Би ганцаардмал хүн биш л дээ. Намайг сонсож, ойлгож, хүндэлж чаддаг хамгийн дотны, амь шиг 11 эмэгтэй, 4 эрэгтэй найзтай. Тэгсэн хэр нь зүүд мөрөөдөл дотроо, сэтгэлдээ өөрөө өөртэйгөө ярьж өөрийнхөө ертөнцөд амьдрах дуртай. Харин энэ хушхан надтай ямар нэгэн байдлаар их төстэй ч юм шиг.. Бид хоёрын хооронд нэгэн далдын нууцлаг холбоо аль хэдийн үүсчихсэн, аль хэзээнээс миний нэгэн сайн анд нөхөр байсан юм шиг сэтгэлд минь нэг л дотно байх болжээ. Зүүдээ түүнд ярилаа..
Зүүдэнд минь ирсэн тэр нэгэн бол миний 16 насандаа учирсан анхны хайрт. Жоохон байсан болохоор үнэхээр ариухан гэгээхэн үерхэл байсныг мэдэлгүй учраа олохгүй явсаар хоёулаа бие биенээ алдсансан. Хожим нь ингэтлээ харамсахаа даанч мэдээгүй юм даа. Түүнийг минь Барсболд гэдэг байв. Надаас 1 дүү хэр нь энэ дэлхийн хамгийн намбалаг, дөлгөөхөн, уужуу тайван бас ухаалаг хөвгүүн шиг санагддаг байж билээ. Би түүнийгээ бамбар гэж дуудах дуртай байв. Тэр минь том биетэй махлаг, харин би жижигхэн туранхай, хөтлөлцөөд явахад хүн болгон эргэж харна. Манай найз бид хоёрыг хүний нүднээс нуугдчихаад хөтлөлцөөд явж байхыг олж харчихаад утсан дээрээ бичлэг хийгээд дараа нь надад үзүүлж шоолж байж билээ.

No comments:

Post a Comment